10:10 AM
Эр хүний 10 шинж



Хүчтэй байдаг

Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг, бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж гуталгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн.

Анхааралтай байдаг

Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр булийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг.

Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг

Жинхэнэ эр хүн хүүхдүүд дээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд үрийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь л хамаатай. Энэ нь уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.

Хов жив хөөцөлддөггүй

Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж, инээж байх юм бол тэр жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүнд бусдын ялих ялихгүй зүйл хамаагүй байдаг. Тэр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлдээ л төвлөрүүлдэг. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шииж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай зантай байх ёстой гэсэн үг бус.

Амласандаа хүрдэг

Тэр хэлэх гэсэн үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бидэнд яг л ямар нэг бамбайн дор, хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.

Бусаддаа үлгэр жишээ байдаг

Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй. "Би чамайг нохой шиг л дагаж байя” гэсэн утгатай үг үйлдэл үзүүлж байвал тэр жинхэнэ эр хүн биш. Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Уучлалт гуйх нь тэдний хувьд гутамшигт явдал биш.

Амьдралаа өөрөө бүтээдэг

Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ,эсвэл эхнэр, наизуудынхаа гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө "амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг. Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэгсэн цагт тэд өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө итгэлтэй болдог.

Эмэгтэй хүн шиг харагддаггүй

Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй ч биш, угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнх нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба тэдний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.

Хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг

Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдагтүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх шинжүүд тэдний амнаас унадаггүй.

Зорьсондоо хүрдэг

Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн нэг л зорьсон үйлдээ заавал хүрэхийг эрмэлздэг. Түүндээ ч хүрдэг. Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Болих ёстой зүйлээсээ болих ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөгтүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.


Category: Мэдээ | Views: 447 | Added by: Admin-Bek | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]